Гадаад оюутны “Содон гялбаа”

[Date:30-11] Source:   Author: [Font: Big Normal Small]

Энхбаатарын Үржинханд нь Өвөр Монголын Багшийн Их Сургуулийг 2014 онд магистр зэрэгтэй төгссөн, манай сургуулийн гадаадын шилдэг төгсөгч.

ӨМБИС-д элсэхээсээ өмнө, мөн суралцаж байх хугацаандаа яруу найраг, өгүүллэгийн номнууд, шүлэг дууны цомог гаргаж байсан хөдөлмөрч, манлайлагч оюутан юм. Үеийн оюутан залуусынхаа дунд яруу найргийн уралдаан наадмууд зэрэг олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулж, Өвөр Монголд болон Монгол Улсад зохиогддог уралдаан наадмууд, соёл олон нийтийн үйл ажиллагаанд байнга оролцдог идэвхтэй оюутан байсан. Э.Үржинхандыг их сургуулиа төгсөх үед Өвөр Монголын Солонго мэдээллийн төвөөс хянан найруулагчаар ажиллахыг албан ёсоор урьсан ба өнөөг хүртэл Солонго сэтгүүлийн хянан найруулагчаар амжилттай ажиллаж явна. Тэрээр манай сургуулийн шилдэг содон төгсөгчдийн нэг юм. Хэдийгээр их сургуулиа төгссөн ч гэсэн шинэ залуу оюутан дүү нартаа үргэлж үлгэр жишээ болж, тэднийг байнга дэмжиж ажилладаг. Өвөр Монголд суралцаж буй монгол оюутнуудын дунд жил бүр зохиогддог “Урлагийн Их Наадам”-д шүүгчээр оролцох, мөн яруу найраг, уран зохиол сонирхогч оюутан залуусын дунд зохиогддог “Хөх хотын хавар” яруу найргийн наадам, “Хосгүй эгшиглэн” уран уншлагын уралдааныг үргэлжлэн зохион байгуулсаар байна. “Хосгүй эгшиглэн” уран уншлагын уралдаан нь Э.Үржинхандын өөрөө санаачлан зохион байгуулсан монгол, хятад шүлгийн уран уншлагын уралдаан юм. Оюутан ахуй цагтаа анх зохион байгуулж байсан тэр цагаас өнөөг хүрэхэд энэ наадам улам өргөжин тэлж, их сургуулийн оюутан, ахлах, дунд сургуулийн сурагчдын хүсэн хүлээдэг наадам болсон байна. Энэ уран уншлагын уралдаан нь үр өгөөжөө өгч, хүүхэд залуучууд монгол, хятадын яруу найраг, өгүүллэгүүдийг цээжээр уншдаг болсон нь сайшаалтай. Сургуулийнхаа Содон гялбаа болсон төгсөгч маань суралцах хугацаандаа Хөххотод суралцагч оюутнуудын “Хөххотын аялгуу” нэртэй сүлд дууны шүлгийг бичиж, аялгууг нь Монгол Улсын ая зохиогч Д.Түвшинцогт зохиосноор нийт монгол оюутан залуус маань өөрийн гэсэн сүлд дуутай болсон.

Тэрээр одоо ч гэсэн соёл, олон нийтийн ажилд ханцуй шамлан оролцсоор явна. Сүүлийн жилүүдэд зохиогдож байгаа бүх орны болон хотын хэмжээний олон томоохон үйл ажиллагаануудад шүүгчээр ажилласан. Мөн та бидний сайн мэдэх Монгол Одон телевизийн “Авьяаслаг монгол уран илтгэгч” уралдаант нэвтрүүлэгт шүүгчээр уригдаж оролцсон нь түүний олон нийтдээ үнэлэгдэж яваагийн бас нэгэн илрэл биз ээ. Э.Үржинханд их сургуулиа төгссөн цагаас хойш олон сайхан нэр хүндтэй шагналууд хүртжээ. 2015 онд БНХАУ-ын хэмжээнд зохиогддог Сүлжээний уран зохиолын уралдаанд түүний бичсэн “Анирхүү” тууж 3-р байр эзэлсэн байна. Мөн утга зохиолын салбарт чанартай сайн бүтээлүүд хийсэн нь үнэлэгдэж Монгол Улсын Зохиолчдын Эвлэлээс олгодог “Гомбын Сэр-Од”-ын шагнал хүртсэн.

Ажил амьдралын их талбарт гарсныхаа дараа тэрээр яруу найраг, туужийн “Алсын гэрлийн хэлтэрхий”, “Хэзээ ч оройтохгүй” зэрэг шинэ номнуудаа хэвлүүлж олны хүртээл болгосон билээ. Уран зохиол, яруу найраг бол Э.Үржинхандын сонирхол, өөрөөр хэлбэл хобби аж. Харин тэр өөрийн эзэмшсэн мэргэжлийн салбартаа амжилттай сайн яваа сэтгүүлч. Сэтгүүл зүйн салбартаа Монголын Залуучуудын Холбооны “Тэргүүний залуу сэтгүүлч” медаль, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс шилдэг бүтээлд олгодог “Ган үзэгтэн” зэрэг нэр хүндтэй шагналууд хүртсэн. Түүний авьяас билэг, их хөдөлмөр Монгол Улсынхаа төдийгүй Өвөр Монголын түмэн олонд хүндлэгдэж яваад төрөлх сургуулийнхан нь бахархан, баяр хүргэхийн зэрэгцээ цаашдын ажил үйлс нь улам өөдөө байхыг хүсэж, шинэ содон бүтээлүүдээрээ бидэнд бэлэг барьсаар байна гэдэгт итгэж байна. Ингээд Э.Үржинхандын шүлэг, Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбооны гишүүн, ая зохиогч Д.Түвшинцогтын аялгуу Монгол Улсаас Хөххотод суралцагч оюутнуудын  “Хөх хотын аялгуу” сүлд дууг сонсоцгооё.

http://v.youku.com/v_show/id_XNjQ4ODQ0ODM2.html?from=s1.8-1-1.2&spm=a2h0k.8191407.0.0